Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах төлөвлөгөө боловсруулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
uranatuya@gmail.com
2024-04-29 15:09:11

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг танилцуулах, санал авах уулзалт, хэлэлцүүлэг боллоо.

Уулзалтад 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн Жендэрийн салбар хороо, Засаг даргын тамгын газар болон түүний харьяа байгууллагуудын албан хаагчид оролцов. 


Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга Т.Энхбаяр уулзалтыг нээж хэлэхдээ, Жендэрийн үндэсний хороо болон Үндэсний статистикийн хорооноос монгол эрэгтэйчүүдийн амьдралын чанарт хортойгоор нөлөөлж байгаа хүчин зүйлсийг илрүүлэх суурь судалгааг үндэсний хэмжээнд хийсэн. Мөн Дэлхийн банк эрэгтэйчүүдэд хортойгоор нөлөөлж байгаа жендэрийн хэвшмэл ойлголтыг илрүүлэх чанарын судалгаа хийсэн. Дээрх дүн шинжилгээнд үндэслэн монгол эрэгтэйчүүдийн дундаж наслалтад нөлөөлж буй хүчин зүйлсийг бууруулж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэн, дундаж наслалтыг уртасгах зорилгоор “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний хоёр жилийн төлөвлөгөөг боловсруулж, 2020-2022 онд үндэсний хэмжээнд хэрэгжүүллээ. Хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлсэн энэ ажил 68 хувийн гүйцэтгэлтэй, хангалтгүй гэж үнэлэгдсэн. Иймд дээрх төлөвлөгөөг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, монгол эрэгтэйчүүдийн боловсрол, эрүүл мэнд, чанартай урт наслалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа гэлээ.


Монгол Улсын Засгийн газраас хүн амыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд эрэгтэйчүүдийг бүрэн хамруулж, тэдний амьдралын хэв маягийг зөв хандлагад чиглүүлэх, тусгайлсан төлөвлөгөө боловсруулах чиглэл өгсөн. Үүний дагуу Жендэрийн үндэсний хорооноос “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар 2024-2027 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний төслийг боловсруулсан байна.

 

Холбоотой мэдээ