З.Зидан “Бавария”-д очих нь үндсэндээ тодорхой болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-04-20 14:40:22

МОСКВА, 2024 оны дөрөвдүгээр сарын 20 /РИА Новости/. Мадридын “Реал” багийг дасгалжуулж байсан Зинедин Зидан Мюнхений “Бавария” клубт ахлах дасгалжуулагчаар ажиллах нь үндсэндээ тодорхой болсон тухай "Mundo Deportivo" сонинд мэдээлжээ.


2023 оны 3 дугаар сараас хойш “Бавария”-гийг дасгалжуулж буй Томас Тухель тус багаас явна гэх мэдээлэл энэ оны хоёрдугаар сард гарсан юм. Түүний удирдлага дор баваричууд 2022/2023 оны улиралд Германы аваргаар шалгарсан бөгөөд өмнө нь Бундеслигт 11 жил дараалан тасралтгүй түрүүлсэн юм.


Эх сурвалжийн ярьснаар бол, өдгөө 51 настай Зидан Мюнхений багийн ахлах дасгалжуулагч болох хамгийн өндөр магадлалтай байгаа бөгөөд тэрбээр багийн хамгаалалтын шугамыг сайжруулах талаар клубын удирдлагатай санал солилцжээ.


Өмнө нь Corriere dello Sport сонинд мэдээлж байснаар, Зиданаас гадна “Бавария” болон Германы шигшээг дасгалжуулж байсан Ханс-Дитер Флик, “Реал”-д ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан Жозе Моуринью, “Ювентус”-ын дасгалжуулагч асан Антонио Конте нар “Бавария”-г дасгалжуулахаар өрсөлдөж байгаа аж.


З.Зидан хамгийн сүүлд 2016-2018 онд ба 2019 оны 3 дугаар сараас 2021 оны 5 дугаар сар хүртэл “Реал”-ын дасгалжуулагчаар ажиллаж байв. Түүний удирдсан баг Аваргуудын лигт гурван удаа, Испанийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр удаа түрүүлж, Испанийн Супер цом, УЕФА-гийн Супер цомын эзэн болж, клубүүдийн ДАШТ-нд аваргалсан юм.

 

Холбоотой мэдээ