Эрдэнэтийн зураач хүүхдүүд Монголын уран зургийн галерейд үзэсгэлэнгээ нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
uranatuya@gmail.com
2024-04-08 18:25:50

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Уран эгшиг” сургуулийн сурагч Б.Эрдэнэхүү, Б.Болорчимэг нарын “Мөрөөдлийн зүг” нэртэй хамтарсан үзэсгэлэнг Монголын уран зургийн галерейд дэлгэлээ.


Төрөөс соёлын талаар баримтлах бодлого, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон үндэсний үнэт зүйлийг бэхжүүлэх, соёлын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Соёлын яамнаас “Соёлын сэргэлт” аяныг 2023 оноос эхлүүлсэн. Аяны хүрээнд Монголын Уран зургийн галерейгаас Орхон аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд “Миний мөрөөдлийн хот” сэдэвт гар зургийн уралдаан зохион байгуулсан юм. Уралдаанд  Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Уран эгшиг” сургуулийн сурагч Б.Эрдэнэхүү, Б.Болорчимэг нар бүтээлээрээ шалгарч, Монголын Уран зургийн галерейд хамтарсан үзэсгэлэнгээ үнэ төлбөргүй гаргах эрхийн эзэд болжээ. Дүрслэх урлагийн салбарын залуу хойч үеийг дэмжин урамшуулах, тэдний хүсэл сонирхлыг өдөөхөд энэ уралдаан ихээхэн ач холбогдол өгсөн гэдэгт итгэж буйгаа  Монголын Уран зургийн галерейн удирдлага онцолж байлаа.

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Монголын Урлаг дизайны академийн ерөнхийлөгч, Урлаг судлалын ухааны доктор, профессор Б.Гантулга сурагч Б.Эрдэнэхүү, Б.Болорчимэг нарт “Их засаг” их сургуулийн харьяа, Дүрслэх урлаг дизайн технологийн дээд сургуульд Монголын Урлаг дизайны академийн 100 хувийн тэтгэлгээр суралцах эрхийн бичиг гардууллаа.

Тэрбээр, “Орхон аймгийн “Уран эгшиг” сургуулийн Д.Цэгмид багшийн хоёр шавь Монголын Уран зургийн галерейд уран бүтээлийнхээ бие даасан үзэсгэлэнг сурагч насандаа гаргаж байна. Энэ бол маш том, нэр хүндтэй үйл явдал. Бидний багад энэ танхимд үзэсгэлэнгээ гаргана гэдэг бол мөрөөдөл байлаа. Өнөөдөр эдгээр хүүхдийн хүсэл сонирхлыг эцэг эхчүүд нь дэмжиж, багш нь авьяасыг нь илрүүлэн нээж, хөгжүүлж байгаа нь тун сайн. Үзэсгэлэнд дэлгэсэн зургуудаас хүүхдүүдийн хичээнгүй чанар, хөдөлмөрч байдал, уйгагүй эрэлхийлэл илт мэдрэгдэж байна” гэлээ.


Мөн энэ өдөр уран зургийн хамтарсан үзэсгэлэнгээ дэлгэсэн авьяаслаг хоёр сурагчийг Монголын сурагчдын холбооны дээд шагнал “Авьяаслаг сурагч” алтан медаль, Монголын Хүүхдийн ордны “Эрдэм” мөнгөн медалиар шагнасан юм.


Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Уран эгшиг” сургуулийн сурагч Б.Эрдэнэхүү:

-Би ихэвчлэн байгаль, Монголынхоо хөдөө нутгийн ахуй амьдрал, морьдыг дүрсэлж зурдаг. Зурсан зургаа харж зогсохдоо маш гоё мэдрэмж авдаг. Би бага ангид байхдаа л зураг зурах дуртай, зургийн хичээлийн багш маань ч “Чамд зурах авьяас байна” гэж их урам өгдөг байсан. Ингээд тавдугаар ангиасаа Д.Цэгмид багшдаа шавь орж, зураг зурах сонирхлоо түлхүү хөгжүүлэх болсон. Багшийнхаа дэмжлэгээр өөрт байгаа авьяасаа улам тордоод өнөөдөр энэ том хэмжээний үзэсгэлэнгээ гаргаж байна. Аав маань багадаа зурах дуртай байсан гэсэн. Аав, ээж маань миний сонирхлыг маш их дэмждэг.

Том том уран бүтээлчдийн үзэсгэлэнгээ толилуулдаг ийм нэр хүндтэй үзэсгэлэнгийн танхимд бүтээлээ дэлгэнэ гэдэг миний хувьд үнэхээр нэр төрийн хэрэг. Маш их урам авч байна.

 

Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Уран эгшиг” сургуулийн сурагч Б.Болорчимэг:

-Би багаасаа л зурах маш их дуртай байсан. Гэхдээ яг уран зургаар цаашид дагнан суралцах, энэ чиглэлээр ирээдүйгээ төлөвлөх эсэхээ шийдэж чадахгүй л яваад байсан. Харин ахлах ангид ороод энэ чиглэлээр суралцахаар бүрэн шийдсэн. Үүнд багш, аав, ээжийн маань дэмжлэг их нөлөөлсөн байх. Өөрийн мэдрэмж, дотоод ертөнцөө юунд ч баригдахгүйгээр бийр будгаар чөлөөтэй илэрхийлэх гэдэг бол маш гоё зүйл. Би одоогоор реалист, модернист чиглэлээр голчлон зурж байна. Ер нь чиглэл урсгал бүрээр зурж туршихыг хичээж байгаа. Монголын Уран зургийн галерейд үзэсгэлэнгээ гаргаж буй маань үнэхээр гоё мэдрэмж, мартагдашгүй дурсамжтай үйл явдал. Аав, ээж, багшийнхаа тусламжтайгаар үзэсгэлэнгээ толилуулж байна.

Түүнээс сургууль, цэцэрлэгийн ханыг чимэглэж зурсан зургуудынх нь талаар сонирхоход тэрбээр:

"Эрдэнэт хотынхоо Хүүхдийн паркын гадна хашааны зураг чимэглэлийг хийх, мөн фитнес төв болон сургууль, цэцэрлэгийн анги танхимын ханан дээр зураг зурах зэргээр хэд хэдэн ажилд оролцсон. Бас өнгөрсөн жилийн наадмаар найзуудтайгаа хамтраад Face Art хийж үзсэн. Дүрслэх урлагийн чиглэлийн олон ажил хийж, тэр бүгдээсээ урам зориг авч, туршлага хуримтлуулж л байгаа. Би зургийн хэрэгслүүдээ аль болохоор өөрийнхөө бүтээл, хийсэн ажлынхаа цалин хөлсөөр худалдаж авах их дуртай. Энэ нь надад илүү их урам, хүч өгдөг юм шиг санагддаг" хэмээн хариулсан юм. 


Үзэсгэлэнгийн нээлтэд хүрэлцэн ирсэн МУБИС-ийн Дүрслэх урлаг, технологийн сургуулийн багш Н.Анхбаяр “Энэ хүүхдүүд олон сэдвээр, өөрийн гэсэн арга барилаар нямбай сайн зурдаг юм байна. Багшийн ур ухаан, шавийн авьяас хоёр салшгүй холбоотой. Тухайн хүүхдийн авьяасыг өнгөлж, зааж чиглүүлж өгсөн багшийн хөдөлмөр маш чухал" гэж байв.

Монгол Улсын зөвлөх багш, МУСТА, Боловсролын тэргүүний ажилтан, “Уран эгшиг” сургуулийн багш Д.Цэгмид:

-Би 34 дэх жилдээ ерөнхий боловсролын сургуульд дүрслэх урлагийн багшаар ажиллаж байна. Энэ удаагийн үзэсгэлэн бол миний үе үеийн шавь нарын Улаанбаатар хотод гаргаж буй 12 дахь удаагийн үзэсгэлэн. “Мөрөөдлийн зүг” үзэсгэлэнгээ нээж байгаа хоёр шавь маань их дээд сургуулийн урилга авч байгаа 52,53 дахь хүүхдүүд болж байна. Дүрслэх урлагийн ертөнцөд 53 дахь шавиа хөтлөн оруулж байгаадаа сэтгэл хангалуун, шавь нараараа бахархаж байна. Энэ үзэсгэлэнгийн нээлтэд шавийн маань шавь хүртэл хүрэлцэн иржээ. Багш шавийн гурван үеийн хэлхээ холбоог харах үнэхээр сайхан байна. Би Монголдоо төдийгүй, олон улсад нэр хүндтэй олон сайн уран бүтээлч шавьтай хүн л дээ.


-Одоо “Уран эгшиг” сургуульд таны хичээллүүлдэг Дүрслэх урлагийн дугуйланд хэдэн хүүхэд суралцаж байна вэ?

-Хоёроос 12 дугаар ангийн 32 хүүхэд суралцаж байна. “Уран эгшиг” сургууль 2023 онд байгуулагдсан. Орхон аймаг дахь  урлагийн анхны төрөлжсөн сургууль. А.Төгсжаргал захирал маань санаачилгж энэ сургуулийг байгуулсан нь маш олон хүүхдийг урлагийн их зам руу дагуулж байна. Миний хувьд өмнө нь Орхон аймгийнхаа 1 болон 4-р сургуульд багшилж байсан. Бас Ардын зураач Н.Цүлтэмийн нэрэмжит “Уран бийр” дугуйлан хичээллүүлдэг байлаа. Орхон аймаг бол ерөнхий боловсролын 20 гаруй сургуультай том аймаг. Урлагийн авьяастан ч олонтой газар шүү дээ.


-Өнөөдрийн хувьд шавь нарынхаа юунд нь илүү бахархаж байна вэ?

-Үнэхээр сайхан байна. Залуу уран бүтээлч болгонд энэ хүндтэй танхимд үзэсгэлэнгээ гаргах боломж олддоггүй. Харин хоёр шавь маань тэр боломжийг авьяас чадвараараа олж аваад бүтээлээ дэлгэж байгаа нь багш хүний хувьд бахархалтай сайхан байна. Шавь нарынхаа энэ үзэсгэлэнг аймагтаа бас дэлгэнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

Монгол ахуй, соёлоос өнөөгийн хүүхдүүд холдоод байгаа энэ үед би шавь нараа өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой үндэсний соёлоо мэдэрдэг, мэдрүүлдэг, уран бүтээлдээ тусган харуулдаг, эх орныхоо сайн сайхныг сурталчилдаг уран бүтээлч болоосой гэсэн хүсэлтэй явдаг. Хамгийн сайхан нь миний шавь нар тийм сэтгэлгээгээр төлөвшиж байна. Тэдний маань гаргасан үзэсгэлэнгүүдийн сүүлийн таван удаагийнх нь “Миний Монгол орон” сэдэвтэй цуврал үзэсгэлэн байсан. Энэ мэтээр би ирээдүй хойч үеэ эх орноо, байгаль дэлхийгээ хайрладаг, Монголынхоо үнэт сайхан соёлоор бахархдаг иргэд болгож төлөвшүүлэх том зорилго тээж явдаг юм.   


Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Уран эгшиг” сургуулийн сурагч Б.Эрдэнэхүү, Б.Болорчимэг нарын бүтээлүүдээс:






Холбоотой мэдээ