Финландын их сургуулиудыг төгсөгчдөд байнга оршин суух зөвшөөрөл олгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2024-03-19 09:32:02

ХЕЛЬСИНКИ, 2024 оны гуравдугаар сарын 18 /ТАСС/. Финландын их дээд сургуулиудыг төгссөн гадаадын бүх иргэнд байнга оршин суух зөвшөөрөл олгохоор төлөвлөж байгаа тухай тус улсын Засгийн газрын тэргүүн Петтери Орпо мэдэгджээ.


Финландын цагаачлалын албаны мэдээллээр, өнгөрсөн онд 6 281 хүн сургуульд сурахын тулд тус улсад оршин суух хугацаагаа сунгах хүсэлт гаргасан нь нийт хүсэлт гаргасан хүмүүсийн дотор хамгийн их хувийг эзэлсэн байна.  


"Гадаадын оюутнуудын ихэнх нь сургуулиа төгсөөд Финландаас явж байна. Их сургуулиа төгссөн, хэлний чадвар сайтай хүмүүст байнга оршин суух боломжийг олгох хуулийн төслийг ирэх намар боловсруулна" гэж П.Орпо мэдэгджээ. 


Цагаачлалын байгууллагуудын төлөөлөгчидтэй хийсэн дугуй ширээний уулзалтын үеэр Ерөнхий сайд уг мэдэгдлийг хийжээ. Уулзалтаар эрх тэгш байдал, ялгаварлан гадуурхахтай тэмцэх асуудлыг хэлэлцсэн байна. 

Холбоотой мэдээ