Б.Оргил: “Эрдэнэс Тавантолгой” ХК энэ онд 3 сая орчим мод тарьж ургуулахаар төлөвлөсөн

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
uranatuya@gmail.com
2024-03-11 15:18:09

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, 180 сая мод тарихаар амласан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Байгаль орчны мэргэжилтэн Б.Оргилоос тус компани төлөвлөгөөгөө хэр амжилттай хэрэгжүүлж байгааг тодрууллаа.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдсэн уул уурхайн компаниудаас “Эрдэнэс Тавантолгой” ХК хамгийн олон мод тарих зорилго тавьсан бөгөөд энэ зорилгоо хэрэгжүүлэхийн тулд “Сая тонн-Сая мод” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. “Сая тонн-Сая мод” хөтөлбөр гурван бүсэд хэрэгжих бөгөөд Хангайн нурууны түймэрт өртөж доройтсон Тарвагатай болон Булнайн нуруунд 68,2 сая мод тарихаар төлөвлөсөн. Мөн хуурай бүс буюу Дорноговийн Сайхан-Овоогийн нутаг, шар шороон шуурга хамгийн их үүсдэг газар болох Онгийн гол орчмын 27 мянган га талбайд 32 сая ширхэг модыг жимс жимсгэнийн зориулалтаар тарина. Түүнчлэн Говийн бүсэд заган ой, доройтсон ойг нөхөн сэргээх чиглэлээр авто замын болон төмөр замын ойн хамгаалалтын зурваст мод тарихаар төлөвлөсөн байна.  


-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд  “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдсэн уул уурхайн компаниуд дундаас мод тарих, ургуулах ажлыг ТЭЗҮ боловсруулж батлуулан хийж байгаа анхдагч компани. Үүнийг нийгмийн хариуцлагаас гадна энэ ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр мод тарих тал дээр салбартаа манлайлж буй нэг хэлбэр гэж харж байна.

- Уул уурхайн компаниуд дундаас хамгийн олон мод тарих амлалтыг манай компани өгсөн. 180 сая мод тарина гэсэн амлалтаа биелүүлэхийн тулд “Сая тонн-сая мод” гэсэн хөтөлбөр боловсруулаад олборлож байгаа нэг тонн нүүрс тутамдаа нэг мод тарьж ургуулъя гэж санаачилга гаргасан юм. Ингээд “Сая тонн-Сая мод” хөтөлбөрийг боловсруулахад шинжлэх ухааны нарийн тооцоолол хэрэгтэй гэж үзсэн учраас эрдэмтэдтэй хамтарч ажиллахаар болсон. Хөтөлбөрийнхөө ТЭЗҮ-ийг ХААИС-ийн Агро экологийн сургуулийн эрдэмтэн багш нартай хамтарч хийгээд 2023 оны хоёрдугаар сард БОАЖЯ-ны дэргэдэх Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөр албан ёсоор хэлэлцүүлж батлуулсан. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний зорилт, зорилгод бүрэн нийцсэн хөтөлбөр боловсруулж батлуулсан анхны байгууллага болсон нь нэг талаараа манлайлал үзүүлж буй байдал гэж хэлж болох байх аа.


-ТЭЗҮ-тэй хөтөлбөр боловсруулаад мод тарих ажлыг хийнэ гэдэг нь бүх үйл ажиллагаа шинжлэх ухааны нарийн тооцоолол дээр үндэслэж явагдана гэсэн үг байх?

-Тийм ээ. Эрдэмтэн судлаачдын боловсруулж гаргасан төлөвлөгөөний дагуу л бидний мод тарьж, ургуулах ажил явагдана. 9 жилийн хугацаанд 180 сая модыг ямар зохион байгуулалт төлөвлөгөө технологиор тарих боломжтой вэ гэдгийг яг таг тодорхойлсон байгаа. Хаана, нутгийн аль хэсэгт, ямар аргачлалаар мод тарих, хэрхэн яаж арчилж ургуулах, хэдий хэмжээний санхүүжилт гаргах, санхүүжилтийн үр дүн буюу эдийн засаг, экологийн үр ашиг нь ямар байх гэх мэт бүх судалгаа тооцооллыг нь эрдэмтэн мэргэжилтнүүдийн тусламжтайгаар хийсэн гэсэн үг. Энэ том судалгааг эрдэмтдийн томоохон баг бүрдүүлэн хийсэн маань бидний нэг том ажил.


-“Сая тонн-Сая мод” хөтөлбөр гурван бүсэд хэрэгжих юм байна. Яагаад заавал Хангайн нурууны түймэрт өртөж доройтсон Тарвагатай болон Булнайн нуруу, мөн Говийн бүс, Дорноговь, Онгийн гол орчимд мод тарихаар төлөвлөсөн юм бэ?  

-Ойн газраас баталсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний стратеги төлөвлөгөө гэж бий. Тэрхүү төлөвлөгөөтэй бидний хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн бүх зорилт уялдаатай байдаг. Мод тарьж ургуулах талбайгаа ч тэр дагуу л сонгосон. Монгол Улсын стратеги төлөвлөгөөнд 300 гаруй суманд Агро аж ахуйг хөгжүүлэх тухай асуудал бий. Тэдгээрийн 20 суманд нь Агро аж ахуйг байгуулах ажлыг манай компани хийж гүйцэтгэхээр болсон. Энэ мэтээр бидний ажил Монгол Улсын болон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний үндсэн агуулга, зорилготой нийцэж байх ёстой гэдэг зарчим баримталж ажиллаж байна.


-Хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлснээр хэчнээн мод тарьж ургуулаад байна вэ?

-Эхний жилдээ манай уурхайнхан 178 мянган мод тарьсан. Харин 2023 онд бид 1,3 сая мод тарина гэсэн төлөвлөгөөтэй, их өөдрөг төсөөлөлтэй байсан. Гэтэл тарьц суулгацын нөөц байхгүй, одоо ч бэлэн болчихсон, шууд аваад хөрсөнд суулгачих хэмжээний тарьц суулгац маш цөөн байна. Тийм учраас тарьц суулгацынхаа нөөцөд л голлож анхаарахаас өөр аргагүй байдалтай байна даа.  2023 онд 331 мянган мод тарьж ургуулсан. 2024 онд нийт 1.5 сая орчим модны үрсэлгээ бэлдэнэ, ойролцоогоор 3 сая орчим мод тарьж ургуулна гэж төлөвлөсөн. Нийт тарих модны маань 36 орчим хувь нь Өмнөговь аймагт. Говийн бүсэд агро ойн аж ахуй хөгжүүлэх, хамгаалалтын ойн зурвас байгуулах гэх мэт ажлуудыг хийж байгаа.  60 гаруй хувь нь хангайн бүс нутагт, Хангайн нуруу, Тарвагатайн нуруунд нөхөн сэргээлт, мөн үлдсэн хэсэг нь хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн мод тарих ажил бий. Энэ онд Богдхан уулын Шидэгтийн аманд 1000 га талбайд шилмүүст мод тарина. Бэлтгэл ажлаа хийгээд эхэлсэн.


-Эхний жилүүдийн үйл ажиллагаа бэлтгэл ажилд түлхүү төвлөрч байгаа юм байна, тийм үү?

-Анх 180 сая мод тарина гэж амлалт өгчихөөд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд очиход аж ахуйн нэгжүүдэд бэлэн байгаа тарьц суулгацын нөөц нь үнэндээ хангалттай байгаагүй. Тэгэхээр зайлшгүй бэлтгэл ажилд эхлээд шуурхай шамдах хэрэгтэй болсон гэсэн үг. Одоогоор бид модны тарьц суулгацыг бэлтгэх, нөөц баазаа бий болгоход нэлээд хугацаа зарцуулж байна. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд, уурхайн яг дэргэд мод үржүүлгийн 10 га талбай байгуулсан. Мод үржүүлгийн ажлыг 2022 оноос эхлүүлсэн. Яг өнөөдрийн байдлаар 75 мянга орчим мод суулгац тарьж, бэлдэж байна. Эхний ээлжинд тарих модныхоо нөөцийг бэлтгэхэд л гол анхаарал төвлөрдөг юм байна.


-Мод тарих ажлыг зөвхөн “Эрдэнэс Тавантолгой” ХК ажилтан албан хаагчдын хүчээр хийх боломж хомс байх. Үүнийг ямар байдлаар зохицуулж байна вэ?

-Манайх мод тарих ажлыг зөвхөн өөрсдөө хийж амжуулах боломжгүй учраас хүчний байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. Энэ ажлынхаа хүрээнд Батлан хамгаалах яам, Онцгой байдлын ерөнхий газартай хамтарч ажиллах гэрээ байгуулсан. 2030 оныг дуустал хамтарч ажиллах юм. Мөн Ойн газар, Хил хамгаалах ерөнхий газартай гэрээ байгуулж хамтарч ажиллах төлөвлөгөө боловсруулсан. Боломж, боломжоороо нэгдэж, хамтарч ажиллах нь хамгийн зөв арга гэж үзэж байгаа юм. Бусад охин компаниуд, гэрээт аж ахуйн нэгж байгууллагууд, мөн туслан гүйцэтгэгч компаниуд ч бидний энэ хөтөлбөрт хамтарч байгаа. Тэгэхээр манай компани яах аргагүй тэдгээр компаниудад манлайлал үзүүлэх үүрэгтэй болж байгаа юм.


-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдсэнээс хойш танай компанид болон хамт олонд ямар өөрчлөлт мэдрэгдэж байна вэ?

-Мэдээж уул уурхайн салбарынхны хувьд байгаль орчны асуудал эн тэргүүнд тавих ёстой зүйл нь байдаг. Энэ утгаараа нөхөн сэргээлт болон байгаль орчны асуудалд бид онцгой анхаарч ирсэн. Харин энэхүү үндэсний хөдөлгөөн эхэлж, манай компани хөдөлгөөнд нэгдэн хөтөлбөр эхлүүлснээс хойш байгаль орчныг хамгаалахад чиглэсэн ажлуудад зарцуулдаг байсан зардал нэлээд өссөн. Компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд зарцуулагдаж буй зардал учраас бид боломж нөөцийнхөө хэмжээнд зарцуулах л учиртай. Ажилтан албан хаагчдын маань мод тарьж ургуулах, нөхөн сэргээлтийн ажилд хандах хандлага ч урьд урьдынхаасаа дээшилсэн гэж үздэг. 



Холбоотой мэдээ