Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Парис хотноо болж буй олон улсын бага хуралд оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
boloroo8136@gmail.com
2024-03-09 11:24:49

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Франц Улсын нийслэл Парис хотноо Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 2024 оны 3 дугаар сарын 8-нд болсон “2024 онд эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд тэгш эрхтэй юу? Эрх мэдлийн асуудал” сэдэвт олон улсын бага хуралд ГХ-ы сайд Б. Батцэцэг Парис хотын Засаг дарга хатагтай Анн Идалгогийн урилгаар оролцлоо.


Уг арга хэмжээний “Шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдэд тулгардаг саад бэрхшээл” сэдэвт хэлэлцүүлэгт илтгэгчээр оролцож, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, бүх түвшинд эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах, эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах үйл явц дахь оролцоог нэмэгдүүлэх, тулгарч буй саад бэрхшээлийн талаар санал солилцов.


Түүнчлэн эмэгтэйчүүдийг чадавхжуулах, тэгш оролцоог хангах чиглэлээр Монгол Улсын явуулж буй бодлого, үйл ажиллагаа, олон улс, бүс нутгийн хэмжээнд санаачлан зохион байгуулж байгаа арга хэмжээнүүдийн талаар танилцуулав.

Тус бага хуралд Чили Улсын Ерөнхийлөгч асан Мишель Башелет, Бразил Улсын Ерөнхийлөгч асан Дильма Руссеф, Парис хотын Засаг дарга Анн Идалго, Нобелийн энх тайвны шагналт Ширин Эбади зэрэг манлайлагч эмэгтэй улс төрчид, хүний эрхийн төлөөх тэмцэгчид, иргэний нийгэм, эмэгтэйчүүдийн байгууллагын 600 орчим төлөөлөгчид оролцов.



Холбоотой мэдээ