ЗАВХАН: Саримсны 80 хувийг орон нутгаасаа хангаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-03-01 16:07:36

Улиастай, 2024 оны гуравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/.  Завхан аймаг улаан хальст саримсны тариалалтыг нэмэгдүүлэх бодлого барьж ажилласнаар үр дүнд хүрчээ.


Тус аймаг хүн амынхаа саримсны хэрэгцээний 80 гаруй хувийг нь дотоодоосоо хангаж байна.

Өнгөрсөн намар 117 аж ахуйн нэгж, иргэн 27.76 га-д тариалалт хийж 58.1 тонн саримс хураан авчээ.


Өнөөдрийн байдлаар Улиастай, Алдархаан сумын 600 гаруй өрх жил бүр их, бага хэмжээгээр саримс тарьж байна. Өөрөөр хэлбэл нийт тариаланчийн 30 гаруй хувь нь саримс тарьж, ургац авч байна.

Завхан аймаг “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, бодлогоор "Улаан хальст саримс"-ны тариалалтыг орон нутагтаа өргөжүүлж, нутгийн брэнд бий болгохоор ажиллаж байна.


Улаан хальст саримс тариалах талбайн хэмжээг жил бүр нэмэгдүүлэн, ажлын байр бий болгох юм.

Түүнчлэн, саримсны тариалалтыг нэмэгдүүлэхийн тулд эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран үрийн шинэчлэл хийх. Саримсны үрийн сан байгуулах, улаан хальст саримсыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тарьж ургуулах. Хүн амын хэрэгцээт саримсны хангамжийг нэмэгдүүлэх, улмаар гадаадад экспортлох зорилт тавин ажиллаж байна.

"Завханы улаан хальст саримс” аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлснээр бодит үр дүнд хүрч байгаа.


Тухайлбал, 2013 онд 12 иргэн, аж ахуйн нэгж 2.5 га-д тариалалт хийж, 3.7 тн ургац хураан авч байсан.
Харин 2023 онд саримс тариалдаг иргэн аж ахуйн нэгжийн тоо 10 дахин, тариалалт нь 11 дахин, хураан авч буй саримсны хэмжээ 16 дахин тонноор нэмэгджээ. Жил бүр хаврын тариалалт хийх үрийн саримсаа дотоодоосоо хангадаг гэж Завхан аймгийн ХХААГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ